13 years with Rokit Bay

Chinba
2 min readNov 30, 2022

--

Би өөрийгөө Rokit Bay-ийн улаан ногоон фэн гэх дуртай. Хар багаасаа л түүний хөгжмийг өдөр өнжилгүй сонсож, зарим хүнд сэдвүүд хөндсөн дуунуудыг нь ойлгохгүйгээсээ ойлгодог болтлоо сонссоор хэдий 13 жил өнгөрч. Дөнгөж ухаан орж эхэлж байхад оюутан болоод яваад өгчихсөн ах нартай, төрийн алба хашдаг болохоор гэртээ орой л тааралдацгаадаг аав ээжтэй, өдрийн талыг гэртээ ганцаараа шахуу өнгөрүүлдэг байсан надад, Rokit Bay-ийн дуу хөгжим үргэлж дэргэд байх хамгийн сайн найз бөгөөд амьдралаас мэдээгүй зүйлсийг үзүүлэх сурган хүмүүжүүлэгч шиг л санагддаг байв.

Хөгжмийн зах зээлийг бага зэрэг ойлгодог болсноос хойш, уран бүтээлчдийн авьяас, хөдөлмөрийг үнэлэх үүднээс Youtube дээрх бичлэгийг утсандаа татаж болдог апп хэрэглэхээ больсон юм. 2 жил гаруй Apple music хэрэглэхдээ Rokit Bay-ийн дууг барагтаа л бол сонсохоо больчихсон/сая 10 сард л дуунууд нь Spotify-аас өөр music streaming platforms-д орсон/ байсан би найзынхаа утаснаас түүний дуунуудыг дахин сонсоод яаж үүнийг сонсолгүй ийм удаан явж чадсанаа гайхсан. 2022 он дөнгөж гарахад би Rokit Bay сонсохын тулд Spotify хэрэглэх болж, амьдрал минь дахин түүний хөгжмөөр хөврөх боллоо.

Миний амьдрал яаж ийж байгаад л аль нэг дуутай нь гүнзгий холбогдчихдог. Энэ жил л гэхэд би хүүхэд ч биш том хүн ч биш, хичээл номоо л хийх ёстой юм шиг эсвэл шууд л ажил хийж өөр өөрийгөө тэжээх ёстой ч юм шиг ойлгомжгүй 20 насанд хүрлээлдээ. Энийг сурж мэдье, тэрийг хийж бүтээе, хэний ч үгэнд захирагдахгүй өөрийнхөөрөө амьдръя гэх мэт олон хүсэл дотроос минь оволзож эхлэсэн, эргэн тойрныхон минь байтугай өөрөө ч өөрийгөө ойлгохоо больсон сонин үе. Нэг өдөр би энэ бүх бодолдоо дарагдан, өөрийнхөө хүслийг биелүүлэх чадал байхгүй мэт, өөрөөр бол нүхэнд уначихсан мэт санагдаад өрөөндөө хэвтэж байв. Урьдых шигээ л өөрийгөө тайвшруулахаар цамцаа өмсөөд чихэвчээ зүүн гэрээсээ гарлаа. Тэгсэн гэнэт л чихэн дээр минь “Надад өгүүлэж болохгүй зүйл хэт их бий, Дөнгөж эхлэж байгаагаа мэдэхгүй, Аз хамаагүй, Миний аз аль хэдийн гэр лүүгээ харьсан” гээд л үгэлж эхлэв. Аз хамаагүй гээд энэ дуу нь яг л надад хэрэгтэй байсан хэний ч хэлж өгөхгүй нуруунаас түлхэх хүч, урмын үгс мэт мэдрэгдэж билээ. Ингэж санагдсандаа ч тэр үү, нэг тийм хана мөрөгчихсөн юм шиг үедээ чихэвчээ зүүгээд зогсолтгүй сонссоор, 2022 онд миний хамгийн их дахин дахин сонссон дуу гэж #SpotifyWrapped “Аз хамаагүй”-г өргөмжилжээ.

#SpotifyWrapped

--

--

Chinba
Chinba

Written by Chinba

Rokit bay- ийн улаан ногоон шар фэн

No responses yet